Найман шарга захын талаар
Нийтэлсэн: 2026 оны 8 сарын 10, 22:01
Найман шарга зах гэж юу вэ?
Улаанбаатар хотод валютын ханшийн талаар ярихад хамгийн их дурдагддаг газар бол “Найман шарга” валютын зах юм. Хүмүүс өдөр тутмын амьдралд “Найман шаргын ханш” гэж нэрлэдэг боловч энэ нь Монгол Улсын албан ёсны валютын ханш биш бөгөөд огт өөр ойлголт юм.
“Найман шарга” нь гадаад валютыг бэлэн хэлбэрээр худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагддаг валютын зах бөгөөд ам.доллар, юань, евро зэрэг валютын эрэлт, нийлүүлэлтээс хамаарсан ханш энд хэлбэлздэг. Монголбанкны мэдээлэлд ч “Найман шарга”-ыг валютын бэлэн зах гэж нэрлэн дурдсан байдаг.
Найман шаргын ханш гэж юу вэ?
Жишээлбэл, тухайн өдөр “Найман шарга” зах дээр:
1 USD = 3,500₮ / 3,510₮
гэсэн ханш байлаа гэж бодъё.
Энд эхний үнэ нь валют авах ханш, дараагийн үнэ нь валют зарах ханш юм. Өөрөөр хэлбэл, валют арилжаалагч байгууллага 1 ам.долларыг 3,500 төгрөгөөр худалдан авч, 3,510 төгрөгөөр худалдаж байна гэсэн үг.
Энэ хоёр ханшийн хоорондох зөрүү 10 төгрөгийг spread гэж нэрлэдэг.
Албан ханшаас ямар ялгаатай вэ?
Монголбанк нь Монгол Улсын төв банк бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой. Монголбанкнаас зарладаг валютын ханш нь “Найман шарга” зах дээрх тухайн үеийн бэлэн арилжааны ханшаас ялгаатай байж болно.
Жишээлбэл, 2022 онд “Найман шарга” захын ам.долларын ханш 3,132–3,135 төгрөг байхад Монголбанкны албан ханш 3,118 төгрөг байсан талаар мэдээлж байжээ.
Иймээс “Найман шаргын ханш”, арилжааны банкны ханш болон Монголбанкны албан ханш гэсэн ойлголтууд нь тус тусдаа өөр үнэ илэрхийлэх тул хооронд нь ялгаж ойлгох нь чухал.
Найман шарга яагаад чухал вэ?
Валютын эрэлт, нийлүүлэлт өөрчлөгдөхөд зах дээрх ханш мөн дагаж өөрчлөгдөнө. Тиймээс “Найман шарга” нь Монголын валютын захын нөхцөл байдал, ялангуяа бэлэн валютын эрэлт, нийлүүлэлтийг ажиглахад олон нийтэд танил болсон цэг юм.
Монголбанкны мэдээллүүд болон хэвлэл мэдээллийн эх сурвалжуудад “Найман шарга” захын ханшийг тухайн үеийн валютын захын нөхцөл байдлыг тайлбарлахдаа тогтмол ашиглаж ирсэн нь үүнийг харуулдаг.
Товчхондоо, “Найман шарга” бол валютын ханш өөрөө биш, харин валютын бэлэн арилжаа явагддаг зах юм. Харин тус зах дээрх эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн тухайн үеийн худалдах, худалдан авах ханш тогтдог.
Гэсэн хэдий ч бодит амьдралд та арилжааны банк болон хувь хүмүүсээс Найман шаргын ханшаас өөр ханшаар валют худалдан авах, худалдах боломжтой байдаг гэдгийг санаж найман шарга, арилжааны банк болон монголбанкны ханшийг харьцуулан эцсийн шийдвэр гаргаж байхыг танд зөвлөж байна.
Өдөр тутмын ханшийг цаг алдалгүй
Xansh аппыг татаад, Монголбанк болон арилжааны банкуудын ханшийг харьцуулан хараарай.